Гэр бүл гэдэг нь хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх асуудлаар ирсэн асуултнуудад мэргэжлийн сэтгэл судлаач ийн хариулжээ. Хүүхдийн хүмүүжил бол гэр бүлийн эрүүл харилцаанаас шууд хамааралтай байдаг билээ.
-Хүүхдэд багаас нь аливаа зүйлийг бага гэлтгүй зааж, сургах нь зүйтэй. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой ч тоо сурах, өнгө тогтоох чадвар нь нэг наснаас нь эхэлнэ. Хүүхэд хэлж, илэрхийлж чадахгүй ч тод өнгөтэй зүйл рүү анхаарлаа төвлөрүүлж чаддаг.
Тоо, өнгийг тогтоох хөгжилд хүүхдийг хүрээлэн байгаа орчин, гэрийн тавилга, түүний өмсдөг хувцас, тоглоом зэрэг нөлөөлдөг. Хүүхдийн анхаарлыг хэрэглээний зүйлд хандуулж, аав ээжүүд өнгөний хэрэглээг хүүхдэд зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Охидод ягаан өнгө, хөвгүүдэд цэнхэр ногоон өнгийг багаас нь өмч юм шиг буруу төлөвшүүлдэг. Хүүхдийн хувцас хэрэглэлд бүх өнгийг багтаах нь чухал. Охин хүүхдэд ягаан өнгө хэт давамгайлсан хувцас өмсгөдөг бол хүүд цэнхэр өнгийн хувцас давамгайлах хандлага бий. Аав ээжүүд дараа дараагийн хүүхдээ бодсон ч өнгөний сонголтод ухаалаг хандах хэрэгтэй. Хүүхдийн хувцсанд багагүй мөнгө зардаг учраас ухаалаг, хэмнэлттэй хэрэглээг бий болгоорой.
~ХҮҮХДЭДЭЭ ТОО ТООЛОХ, ӨНГӨ ТОГТООХОД НЬ ТУСЛАХ ДӨХӨМ АРГУУД~
Тоглоом хураах, хувцас эвхэх, хоол идэх, гадуур явахдаа өнгө, тоог хүүхдэд харуулан, заах, ярилцах, тоолох хэрэгтэй. Жишээ нь: “Улаан машин дөрвөн ширхэг, хар машин нэг ширхэг хамт хураая. Ягаан цамцаа ингэж эвхэж далд хийгээрэй” гэх мэт.
“Хоол идэхэд нь шар төмс гурав, улаан лууван хоёр ширхгийг хүүгийнхээ аяганд хийлээ” зэргээр харилцан ярилцах нь зүйтэй. Зөв хариулж чадахгүй ч гэсэн хамтдаа тоо бодох нь чухал. “Ээж нь өөртөө байгаа таван ширхэг шар алимнаас хүүдээ гурвыг нь өглөө. Ээжид нь хэдэн ширхэг алим үлдсэн бэ?” гээд тоолж харуулах гэх мэт. Хүүхэд тоо тоолох, өнгө тогтоох аргад суралцаж, мөн эдгээр ойлголтод дасна.
Эцэг эх, эсвэл бусад ойр дотнынх нь хүмүүсийн утасны дугаарыг тогтоолго. Тогтоотол нь давтан залгаж харуулах хэрэгтэй.
Гадуур гарахдаа ямар тоотой автобусанд суусан, хэдэн номерын айлд орсон, хүмүүс ямар өнгөтэй хувцас өмссөн байгааг ярилцаж болно.
Хүүхдэд багаас нь цаас, харандаагаар зуруулж гарыг нь зүгшрүүлэх хэрэгтэй. Харин аюулгүй байдлыг нь анхаараарай.