Ойрдын хаант улсын сүүлчийн удирдагч болох Амарсанаагийн 10 мянган хүнтэй армийн сүлд тугийг Бүгд Найрамдах Алтай улсын нутаг дэвсгэрээс олжээ.
БНАлтай улсын буддын шашинтнуудын “Ак-Буркан” байгууллагын төлөөлөгч Солтой Тугудины ярьснаар бол, Ойрадын хаан Амарсанаагийн ариун сүлд туг нь түүний овгийн хэрэглэж байсан шүтээний эд зүйлсийн хамт 200 гаруй жилийн туршид Алтайн уулсын дунд хадгалагдсаар ирсэн байна. Түүхэн эх сурвалжийг үзвэл, Амарсанаа Орос руу зугтан явахынхаа өмнө гэр бүлийнхээ нандин шүтээний зүйлс, тэдгээрийн дотор цэргийн сүлд тугаа нүүдэллэж явсан газрынхаа нэгэн бууринд нуужээ. Домогт өгүүлснээр, алтайчуудын шүтээн болох Ӱч-Сӱмер гэдэг уулан дахь гурван толгод нурах үед буюу луу жил болоход эргэн ирнэ гэж Амарсанаа амласан аж. Амарсанаа Алтайд дахин төрөхөөр ирэх гэж буйг түүний “цагаан туг” гэдэг овгийн нэгэн бүсгүй дуулгах ёстой бөгөөд “чагандык” гэдэг нэртэй овог өдгөө Алтайд байдаг гэнэ.
Амарсанаагийн овгийг “Цагаан тугийн хойдууд” гэдэг
Түүний холын садан болох Хойдын ноён Инэлчи гэгч Чингис хааны охин Сэцэйхэнтэй гэрлэжээ. Сэцэйхэн эцгийнхээ гэрээс инж болгон “цагаан сүлд”-ийг авчирсан бөгөөд үүнээс хойш Чингисийн сүлд туг хойдуудын ариун шүтээн болсон байна. Өдгөө хойдууд Алтай, Халимаг, Тува ба баруун Монголд амьдардаг.
Алтайн уулсаас олдсон жад хэлбэртэй сүлд туг нь маш сайн хадгалагдаж ирсэн бөгөөд байлдааны тугийн үлдэгдэл хэсэг нь 35 см урт аж. Тугийг төмрөөр давтаж хийсэн бөгөөд түүний дээд хэсгийг доод талтай нь холбож буй саран хэлбэртэй хадуурыг зэсээр хийж, төмөр таваар суурьтай нь бэхэлжээ. Тугны хэсгүүдийг нэлээд зузаанаар алтадсан байна. Сүлд тугны доод хэсгийг зэсээр хийсэн ба түүн дээр бэхлэн тогтоосон адууны дэл сүүл нь ихэд өгөршсөн байжээ.
Алтайн уулсаас олдсон сүлд туг нь Амарсанаагийнх мөн гэдгийг нотлох хэд хэдэн баримт бий. Тухайлбал, уг олдворыг Амарсанаагийн эзэмшилд байсан Алтайн уулсын өмнөд хэсгээс илрүүлсэн бөгөөд энэ нутаг нь Манжийн цэргийн эсрэг хийж байсан түүний тэмцэл тулааны түүхтэй шууд холбоотой юм. Энд алтайчуудын ярьдгаар “Амыр-Санаанын шибеези” буюу “Амарсанаагийн цайз” өнөөг хүртэл бий.
Ойрдуудын уламжлал ёсоор, зөвхөн түмтийн ноён эсвэл цэргийг удирдаж буй хаан хүн л сүлд тугийг залж явах эрхтэй байсан аж. Түүхэн баримтуудыг үзвэл, Уулын Алтай, Тарвагатай болон Или голын сав газарт 1757 онд зөвхөн Амарсанаагийн удирдсан цэргүүд л томоохон тулаан хийж байсан бөгөөд тэдний тоо 10 мянгад хүрч байв.
Ойрадын хаант улсын бүхий л түүхэнд, одоогийн БНАлтай улсын нутаг дэвсгэрт хааны сүлд тугийг залж явах эрхтэй хүн Амарсанаагаас өөр байгаагүй юм. Тэрбээр Алтайд байсныг гэрчлэх олон баримт Орос, Хятад, Казахстанд бий.
Буриадын угсаатны зүйч Эдуард Демин Амарсанаагийн цогцсыг оршуулсан газрыг баримжаагаар тодруулаад байгаа бөгөөд “Ак Буркан” шашны байгууллагын төлөөлөгчид хэдэн жилийн өмнө уг газарт очиж байжээ. Одоо Амарсанаагийн сүлд тугийг эрдэмтэд судалж байна.