~Баян-Өлгийчүүд ҮЕРТ өртсөн ч, уулын хадландаа гарлаа~
Баян-Өлгий аймгийн ард иргэд өнөөдрөөс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлаа эхлүүлж, уулын хадланд гараад байна.
Баян-Өлгий аймаг нь өндөр уулын бүсэд оршдог, эрс тэс уур амьсгалтай, зуны улирал богино тул ард иргэд хадлан бэлтгэх ажилд бусад аймгуудаас эрт буюу уулын хадланд наймдугаар сарын нэгнээс, голын хадланд 15-наас гардаг юм.
Тус аймгийн хувьд өнгөрсөн хавар урт хугацаанд үргэлжилж, зуны эхний сард гандуу, салхитай байв. Харин наадмын өмнөөс ихэнх нутгаар бороо орж, өвс ногоо тэгширснийг хүмүүс хэлж байна.
Иймд өнгөрсөн долоо хоногт “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” аймгийн Засаг даргын 553 тоот захирамж гарч, уг ажилд хяналт тавих ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавалаар ахлуулан байгуулжээ.
Түүнчлэн энэ онд аймгийн хэмжээнд 62800 тонн өвс, 6670 тонн гар тэжээл, 7345,3 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөн баталсан байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад хадлан 5741 тонн, гар тэжээл 279, эрдэст тэжээл 432,5 тонноор илүү үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд тус аймгийн Толбо, Алтай, Буянт, Бугат, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Дэлүүн, Баяннуур, Алтанцөгц зэрэг сумдад өвөлжилт хүндэрч, Засгийн газрын шийдвэрээр улсын нөөцөөс 450 тонн өвсийг үнэгүйгээр, 400 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгож байсан юм. Мөн аймгийн аюулгүйн нөөцөөс 227 тн тэжээл, 139,4 тн өвсийг сумдад хуваарилж байжээ.
Харин энэ жил аймаг, сумын ЗДТГ-т 680 тонн өвс, 492 тонн тэжээл бэлтгэхээр тооцоолоод байна.