~“Дугуйтай гэр бүл”-тэй нэгдэхийг уриалж байна~
Нийслэлийн иргэн Пүрэвдорж мөн түүний гэр бүл өдөр тутам ажил, хичээл сургуульдаа зорчихдоо дугуй унадаг. Том охин 9 настай, дунд охин 7 настай, бага хүү ой хагастай. Дугуй унаж эхэлснээр тэд бие махбодын болон сэтгэл зүйн хувьд маш их тааламжтай байх болсон ба замын түгжрэлд цагаа алдахаа больсон тул гэр бүлийн хамт өнгөрүүлэх цаг зав нэмэгдэж, мөнгөний хувьд ч хэмнэлттэй байх болсон байна.
Дугуй унах нь тэдний хувьд хамтдаа цагийг өнгөрүүлэх хамгийн сайхан сонголт учраас энэ зун дугуйтай аялалд гарахаар төлөвлөөд байна. Эхний аялалдаа тэд аль хэдийн гарсан бөгөөд цаг агаарын байдал таагүй байдал учирсан ч аяллаа дуусгасан байна. Энэ зун тэд Сайншанд-Хамрын хийд, Эрдэнэт-Булган-Хархорин-Элсэн тасархай, хот орчмын чиглэлд Богдхан уул, Тэрэлж лүү аялна.
“Дугуйтай гэр бүл”-тэй нэгдэн хамт аялах иргэд, дугуйчид, дэмжин хамтран ажиллах, ивээн тэтгэх аж ахуйн нэгж байгууллагууд +976 9967 2449 дугаараар холбогдоно уу.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлчүүддээ гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо өдөр тутамдаа дугуй унан замын түгжрэлээс ангид, эрүүл амьдралын хэв маягаар зуны амралтаа өнгөрүүлэхийг уриалж байна.