mongol-erdemted-shulsnees-haldwar-ilruuleh-onoshluu-buteew

Монгол эрдэмтдийн бүтээсэн оронавирусыг шүлсэнд илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, БШУ-ны БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга С.Мөнхбат АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт нээлтэнд оролцов.

Уг оношлуурыг бүтээх ажил 2020 оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрдэмтдийн багийн үйл ажиллагааг дэмжиж хэрэглээнд нэвтрүүлэх ажилд санаачлагатай байсан гэдгийг нээлтийн үед АШУҮИС-ийн эрдэмтдийн төлөөлөл тодотгож байв.

Олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон инновац, технологийн нээлт энэхүү оношлуур юм. Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор зөвшөөрөл олгож хэрэглээнд ийнхүү нэвтрүүлж байна. Таван удаагийн шалгуур давж хэрэглээнд нэвтэрч байгаа энэхүү оношлуур нь коронавирусыг илрүүлэхэд цаг хугацаа хэмнэсэн бүтээл болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

АШУҮИС нь КОВИД-19-ийн чиглэлээр 6 судалгаа хийж байгаа гэнэ. Мөн Эмнэлзүйн молекул оношлогооны чиглэлд анхаарч ажилласан ба 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан аж. Лабораторийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү эхлэж байна.Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори ба вирусийн гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох анхны лаборатори гэнэ.

Коронвирусыг шүлсэнд илрүүлэх шинжилгээний хариу нь 3-5 цагийн дотор хариу нь гарна. Ийнхүү хугацааг хэмнэхээс гадна төлбөрийн хувьд хамарнаас авдаг ПСР шинжилгээнээс даруй 3 дахин хямд өртөгтэй гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих