46645594_1978434428892674_2672826262187147264_n

Нүүрс тээврийн үнэ буурсан тул жолооч нар ажил хаяхаар боллоо

Тавантолгой Гашуунсухайтын чиглэлд одоогийн байдлаар хүнд даацын 13 мянга гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж байгаа билээ. Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг. Учир нь, урд хөршид  ашиглагдахаа больсон машинуудыг хилээр оруулж ирж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдэлтэй осол аваар гарч жолооч нар амь нас, эрүүл мэндээр хохирсоор байгаа билээ. Тухайлбал,  өнгөрсөн  сарын 13-нд Ухаа худагаас Гашуунсухайт чиглэлд явж байсан нүүрс тээвэрлэлтийн “Nord benz” маркийн хүнд даацын машины руль нь гэнэт түгжигдэж осол гарсан.

Өчигдөр “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээврийн компаниудын эрх ашгийг хамгаалах нэгдсэн зөвлөл”-өөс хамтран  хэвлэлийн хурал хийлээ.  Хурлаар “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн үндэсний компаниудын 2000 жолооч  ажил хаяхаа зарлаж байгаа аж.

Учир нь БНХАУ-ын талаас нүүрсний тээвэрлэлтийн үнийг буулгах шийдвэр гаргасан нь үндэсний тээврийн компаниудыг алдагдал хүлээхэд хүргэлээ. “Энэ сарын 3-наас эхлэн нэг км-ийн нүүрс тээвэрлэлтийн үнийг нэг дахин буулгажээ. Нүүрс тээврийн үнэ өмнө нь нэг тонн тутамд 115 юань байсан бол  70 болгож бууруулсан. Өнөөдрийн байдлаар 65 юань болсон” гэж Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл н.Бат-Эрдэнэ хэллээ.

Иймээс ажилчдын цалин 300 мянга ч хүрэхгүй байгаа учир ажил хаялт зарлахаар болсон байна. Мөн тэд ойрын гурав хоногт Засгийн газар арга хэмжээ авч өгөхгүй бол уурхайд зам хааж, зогсолт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хэдийгээр энэ алхам нь олон хүндрэлийг үүсгэж болох ч тээврийн асуудлыг 100 хувь айлын талд өгснөөс үүдэн бий болсон асуудлыг шийдэхийн тулд үүнээс өөр аргагүй боллоо гэж байв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих