СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ: Алмаз -сохор охины анхны хайр

Одоогоос таван жилийн өмнө би анхны хайртайгаа учирсан юм. Бодвол түүнээс хойш нэг ч хүнийг сэтгэлдээ хүлээн авч хайрлаагүй болохоор тэр л миний анхны хайр байсан байж таарна. Түүнийг минь Ариунболд гэдэг. Ээж маань тэдний ажиллуулдаг жуулчны бааз дээр гурван сарын турш менежерийн ажил хийх болсноор энэ бүхэн эхэлсэн юм. Түүнийг анх хараад нэг муу туниа муутай, их зантай, баян айлын эрх банди байна даа гэж нүднийхээ булангаар ширэв татдаг байж билээ.

Удаан хамт байсан хүмүүс бие биедээ татагдаж дасдаг нь бичигдээгүй хууль бололтой. Хайр салахын аргагүй охь дарсны амттай ч заримдаа бүр айдас болж хувирдаг. Чамд хүрэх бүжгийн хөдөлгөөн мэт уран яруу агшнууд зөвхөн цаг хугацааны хайрцганд дахин хэзээ ч ирэхгүйгээр цоожлогдон үлдэхийг бидний хэн хэн нь анзаараагүй. Бодол холхисон хөлний минь дор гишгэгдэх чулуу чи юутай хатуу билээ? Би яг чам шиг хайлдаггүй, урсдаггүй, хатуу тийм нэг зүрх сэтгэлтэй байж нэг үзэхсэн. Өнгөөрөө даллах үүлсийн цэнхэр тэнгэр дор цаг минут, мөч бүрийн бодлыг эзэмдэх, зөвхөн надад л жаргалтай санагддаг, чамаас юуг ч юм мэдэхгүй хүлээсэн өдрүүд минь даанч богинохон байж дээ. Тэнэмэл хүний цаг хугацаанаас хуваалцаад чамтай удаан байж үзэхсэн. Горьдлого тээсэн гэнэн харцаа чиний өмнө бүдчүүлж, гуйсан бүхэнд чинь сэтгэлээ сул тавьсан дахин хэзээ ч ирэхгүй, ирэх л ёстой байсан алдах юмгүй мэт ертөнц минь. Маргааш гэхэд чиний өмнө юуг ч тайлагнаж үл чадах нүд дүүрэн нулимстай хагацал намайг чиний л багтах “бяцхан чулуу” болгож хувиргасан.

Гараас минь зөөлхөн атгаад эхний бас сүүлчийн удаа явсан цементэн зам одоо миний алхах дуртай газрын нэг болсоон.

Магадгүй би мянга дахин үржүүлж тэр замаар алхсан байх. Өнгөрсөн таван жилийн турш өөрийнхөө сэтгэлээс ч нуугдаж чамайг хүлээдэг байлаа. Гэнэт алга болсон шигээ гэнэт гараад ирж болдоггүй юм байх даа гэж үндэсийг нь сугалаад хаясан ч жил бүр хамгийн сайхнаар дэлбээлдэг цэцэг шиг зөндөө л чамайг хүлээлээ дээ. Чи санаж байна уу “Уучлаарай” гэх ганцхан үгтэйгээ намайг хаясныгаа. Юу гээч? Дурлалт залуу минь… зүрх алдан байж хажууд чинь би амьсгалдаг байсан. Дотроо хадгалах амьсгал бүрийн тоогоор чиний инээмсэглэлийг чагнах гэж оролдоно. Гэхдээ өнгөрснөө тавьж явуулсан цагт ирээдүй ирдэг гэж нэг үг байдаг байх аа? Би дахин өнгөрснийхөө ул мөр болж амьдрахгүй. Анхны хайр заримдаа эцсийн зогсоол ч байж болно. Харин чи одоо миний хувьд азын сугалаанаас хожсон анхны хайр минь байхаа больсон. Намайг энэ орчлонгийн бүх өнгийг ялгаж хардаг байхад чи надтай хамт байсан. Нүд минь аньсагаа даахаа больж, сормуус минь дэндүү хүнд санагдсан тэр өдөртэй хамт намайг орхисон. Би одоо ч инээмсэглэж байна.

Чи дахиад нэг сайн сонс. Дурлалт залуу минь “Би чиний нүдээр үнэлэгдэх бяцхан чулуу биш, харин бусдын нүдийг гялбаах “Алмаз эрдэнэ” юм шүү. Эмэгтэй хүн бүр дурлалын “Алмаз”.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих