~Энэ амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ~
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж байгаа зам засварын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт болон, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.