tsahim gemt hereg

Сошиалд гадаад найзтай болохдоо болгоомжил…

~Сошиалд гадаад найзтай болохдоо болгоомжил…~

Гэмт этгээдүүд цахим ертөнцөд шургалаад уджээ. Техник технологи, кибер ертөнцийн хурдтай хөгжлийг дагаад хуурамч хаягаар цахим харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, түүнчлэн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах нэрээр иргэдийг залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Угаас гэмт хэрэг гэдэг шунахай сэдэл, харгислал, хорон санааны үр тул хаана ч байж болдгийн илрэл биз.

Гэмт хэргийн ерөнхий шинж
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид гэмт хэргээ хийх, сүрдүүлэх үндсэн аргатай байдаг. Царайлаг, сайхан хүүхнээс/залуугаас/ найзын хүсэлт ирж, та найзаар бүртгэжээ. Тэр их л дотно бичнэ. Юу юугүй сайн найз чинь болох гэж байгаа аятай л бичнэ.

Сонирхол хобби, би ганц бие… гэх зэргээр өдөөн хатгалгын шинжтэй бичиж Skype байгаа эсэхийг асууна. Ингээд өдөөн хатгаж, нүцгэлэхийг ятгаж, эцсийн эцэст сүрдүүлгийнхээ гол зэвсэг болсон нүцгэн байгаа бичлэгийг өөрийн гарт оруулна.

Тэднийг хэрхэн таних боломжтой вэ?
Ихэвчлэн шинээр нээсэн, хоч нэр авсан, хуучны зураг болон пост байхгүй шахам хаяг ашигладаг. Зургийн цомогт нь эротик, секси маягийн зургууд байна. Тэд чаталж /бичиж/ байх хоорондоо хохирогчийн нүүр ном болон мессенжерт бүртгэлтэй бүх найзуудыг бүртгэж авсан байдаг.

Ингээд гэр бүл, найзууд, хамт ажиллагсад уруу нь нүцгэн бичлэгийг явуулна хэмээн сүрдүүлж мянга, мянган доллар нэхэж сүрдүүлнэ. Та цахим гэмт хэргийн хохирогч болжээ.

Харамсалтай нь та мөнгөөгөхгүй бол бичлэг чинь хамаатан ах дүү, ажлын газрынхан, найз нөхөд, цахим ертөнцөд ил тод болно. Нөгөө талаар нэхсэн мөнгийг нь өгсөн ч тэд хохирогчийнхоо бичлэгийг цахим ертөнцөд цацчихдаг. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ч гэнэн итгэмтгий зангаасаа болж урхинд орж, ичгүүрт дарамтад орохгүй байх боломж танд бий.

Муу амлаж байна гэж битгий бодоорой. Цаашлаад хүний наймаа, дээрэм, хулгай, хүчирхийлэл хийхээр санаархаж байгаа гэмт хэрэгтнүүд, хар санаатнуудын отолтоос өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалж болно гэдгийг л сануулах гэсэн юм.

Гадаад найзтай болохдоо болгоомжтой ханд
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж өөрийн хувийн мэдээллийг бусдад алдахгүй байх, танихгүй иргэд, ялангуяа гадаад орны хэрэглэгчидтэй найз болохдоо болгоомжтой хандах нь зүйтэй.

Англи, Филлипин, Малайз, Маккаод энэ төрлийн гэмт хэрэг ихэд дэлгэрсэн байдаг тул уншигч та анхаарна биз ээ.

Мөн бараа материал захиалахдаа тухайн онлайн худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэд, байгууллагаас баталгаа гаргуулах, 100 хувь бэлнээр мөнгө шилжүүлэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.
Хувийн мэдээллээ алдах нь маш том хохирол дагуулах эрсдэлтэй.

Тиймээс:
– Веб камер болон гар утасны нүүрний камерууд нь кибер тагнуулд ашиглагдах өндөр эрсдэлтэй.
– Интернет дахь царайлгууд зураг шигээ байх нь ховор
– Апликейшн суулгахдаа ашиглах нөхцөлийг нь анхааралтай уншиж танилцах хэрэгтэй.
– Кафед байна гэх байршлын мэдээллийг зөвхөн найзууд чинь хардаггүй
– Өөрийн үнэтэй мэдээллээ өөр газар давхар хуулж хадгалах хэрэгтэй.
– Олж авсан мэдлэгээ ойр дотнынхонтойгоо хуваалцаарай. Ялангуяа хүүхдүүддээ кибер ертөнцийн талаарх мэдлэгээ хуваалцаж байх хэрэгтэй.
– Хүүхдээ хараа хяналтгүй компьютер ашиглуулах хэрэггүй.
– Эцэг эхийн нэвтрэх эрх нь /windows account/томчуудын ертөнцөд нэвтрэх эрхийг олгоно…
-Эцэг эхийн хяналтыг ашиглах нь гэнэтийн бэлэг болон гэмт этгээдээс хүүхдээ хамгаалах болно.
– Цаасан хэвлэмэл материал, бичиг баримт зэрэг хэрэгцээгүй мэдээллүүдээ зориулалтын устгагч ашиглан устгах хэрэгтэй.
– Ажлын байрнаасаа холдохдоо компьютерээ түгжиж занш.
– Хувийн бичиг баримтыг интернетэд байршуулах шаардлагагүй.
– Таны компьютер вирустсан байна гэх интернет сайтын хуурамч мэдээлэлд итгэх хэрэггүй.
– Зээлийн картыг ашиглах эрхтэй гар утас болон таблет нь таны хүүхдэд хөгжилтэй шоппинг хийх боломжийг олгоно.
– Интернет орчин дахь үл таних царайлгуудаас сэрэмжлээрэй.
– Үнэт эд зүйлийн зургийг хүртэл интернетэд байршуулах шаардлагагүй.
– И-мэйлээр ирсэн сэжигтэй файлыг нээх хэрэггүй.
– Интернет нууцлалдаа давхар хамгаалалтын код ашиглаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
4 (1 vote)

Сэтгэгдэл бичих