~Хүүхдүүд 700 ам.доллар бүхий хэтэвч олсон ч, эзэнд нь өгчээ~
АНУ-ын Колорадо мужид амьдардаг 3 хүүхэд 700 ам. долларын бэлэн мөнгө бүхий хэтэвч олж, эзэнд нь буцаан өгсөн нь олны талархлыг хүлээгээд байна.
Арван гурван настай Хэйли Вэнке өөрийн дүү, зургаан настай Рэйган, найз Эшли Дэйтон нарын хамтаар явж байгаад машины зам дээрээс энэхүү хэтэвчийг олж, эзнийх нь гэрийнх үүдэнд авчирж тавьж байгаа нь хяналтын камерт бичигдэж үлджээ. Уг үйл явдал өнгөрсөн сарын 18-ны үд дунд болсон байна.
Тэд хэтэвчний эзний гэрийн үүдэнд очиж, 13 настай Хэйли “Бид таны хэтэвчийг машины чинь гаднаас олсон юм. Дотроо мөнгөтэй болохоор нь өөр хүн битгий аваасай гэсэндээ гэрийн чинь үүдэнд орхилоо” хэмээн автомат хариулагчид нь хэлж үлдээжээ.
Хүүхдүүд болсон явдлын талаар орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө “Бид эзэнд нь буцаан өгөх нь зөв зүйл гэж бодсон. Тиймээс буцааж өгөхөөр шийдсэн” гэж ярьжээ. Хэтэвчний эзэн Найжл Дрэйкийн аав Жэйми Карлтон хяналтын камерт бичигдсэн бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд тавьж, эдгээр шударга үйлст хүүхдүүдээр бахархах сэтгэлээ илэрхийлсэн байна.
Хүүхдүүдийн ээж Кэрри Эдди Вэнке “Хүүхдүүд маань ингэж олны талархлыг хүлээж байгаа нь маш таатай байна. Эцэг эхийн хувьд бид хүүхдүүдээ бидний хараа хяналтаас хол байгаа үедээ зөв зүйл хийж байгаасай хэмээн байнга хүсдэг. Тиймээс бид хүүхдүүдээрээ маш их бахархаж байна” хэмээн ярьжээ.