Хүйтний эрч суларч хаврын урь орсон энэ өдрүүдэд Улаанбаатарын утаа асуудлын гол сэдвээс “ангижрах нь”. Уламжлал ёсоор “утааг” мартаж удаах асуудлууд болох хөрсний бохирдол, шороо тоосны зовлонгоо тоочих цаг иржээ.
Улаанбаатарын утааны гол эх үүсвэр нь хүйтний цагт хорин дөрвөн цагийн турш галлагаатай өнжих яндангийн утаа гэх ч замын түгрэлж шатахуун шатаах автомашин, тээврийн хэрэгсэлийн утаа багагүй хувийг эзэлдэг. Үүргээ гүйцэтгэж “жижүүр”-тээ гарсан хуучин тээврийн хэрэгсэл нийслэлийн нийтийн тээвэрт ажлын голыг үүрдэг болохоор агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Тээврийн газар, БНСУ-тай хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд тус улсын “Серакомб” компанийн 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай өндөр технологийн DPF шүүлтүүрийг нэвтрүүлнэ гэв. Монгол улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулах дээрх төхөөрөмжийг 2008, 2010 онд туршилт судалгааны чиглэлээр суурилуулсан байна. Одоогоор БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг 7 улсад нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж байгаа аж.
DPF төхөөрөмжийг нийслэлийн нийтийн тээврийн том оврын автобусанд суурилуулснаар тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах боломжтой юм.