Үндэсний статистикийн хорооноос энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар зохион байгуулахаар болжээ.
Судалгаанд бага насны хүүхдүүд ханиад, томуугаар өвчилснөөс үүдэн эцэг, эхчүүд эдийн засгийн хувьд хэчнээн цаг хугацаа, мөнгө зарцуулж байгааг тодруулах нэмэлт бүлэг асуулга нэмэгдсэн аж.
Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу цаг ашиглалтын судалгааг 2019 онд дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа нь энэ юм.
Манай улс цаг ашиглалтын судалгааг 2000 онд туршилтын байдлаар явуулсан бөгөөд 2004 онд Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2007 онд анх удаа үндэсний хэмжээнд 3200 өрх, 2011 болон 2015 онуудад 4000 өрхийг тус тус хамруулан явуулсан байна. Энэ удаагийн судалгаанд 5 бүсийг төлөөлүүлэн 4000 өрхөөс мэдээллийг цуглуулах юм.
Цаг ашиглалтын судалгааны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад чиглэгджээ.