Завхан аймагт Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг ажиллаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хаваржилт хүндэрсэн Завханы дөрвөн суманд автомашин олгохоор болжээ.
Өнөөдрийн байдлаар Завханы Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс, Тэлмэн зэрэг 16 суманд хаваржилт хүндрэх төлөвтэй. Аймгийн хэмжээнд 1501.4 мянган хээлтэгч мал байгаа бөгөөд гуравдугаар сарын 05-наас эхлэн төллөх учраас нэмэгдэл тэжээлд орох малын тоо нэмэгдэж өвс, тэжээл дутагдах, цаг уурын дулаарал хуурайшилттай холбоотойгоор говийн сумдад малын усан хангамж хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар сумдын малчин өрхийн 60 гаруй хувьд нь очиж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
Аймгийн нөөцөд бэлтгэсэн 144 тонн өвсийг үнэгүй, 90 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгож, малчдын болон сумдын аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зарцуулж дууссан тухай Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Тиймээс хаваржилт хүндэрсэн сумдад улсын нөөцөөс өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгох, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Цагаанчулуут, Цагаанхайрхан, Идэр сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн болон тусгай зориулалтын машиныг шийдвэрлэж өгөхийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэгт уламжилжээ.
Эдгээр саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Завхан аймагт 900 тонн өвс, 680 тонн тэжээл, Цагаанхайрхан суманд түргэн тусламжийн автомашин, Яруу, Тосонцэнгэл, Тэс сумын ЗДТГ-т автомашин олгохоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг шийдвэрлэснийг аймгийн Онцгой байдлын газраас тус тус мэдээлэв.