tsairiin-export

СТАТИСТИК: Цайрын баяжмалын экспорт 4.8 хувиар нэмэгдлээ

Монгол Улс 2018 онд нийт 123.9 мянган тонн цайрын баяжмал экспортолсон нь өмнөх оноос 4.8 хувиар өссөн байна. Харин мөнгөн дүнгээр тооцвол 9.4 хувиар өсөж, 197.8 сая ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Одоогоор хоёр компани цайрын экспорт хийж байгаа бөгөөд нийт экспортын 75 гаруй хувийг “Цайрт Минерал” ХХК дангаараа гаргажээ. Тус компани өнгөрсөн оныхтой ойролцоо хэмжээний борлуулалт хийсэн гэдгээ мэдээлж байсан юм.

“Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батхүү,

2018 оны эхэн үед цайрын ханш өсөж байсан ч түүнээс хойш эргэн буураад байна. Цайрын гол хэрэглэгч болох БНХАУ-ын байгаль орчны бодлоготой уялдаад зарим уурхайнуудын үйл ажиллагааг чангатгасан нь нийлүүлэлт саарахад нөлөөлж, улмаар ханш чангарахад нөлөөлжээ. Харин цайрыг орлох бүтээгдэхүүнүүдийн тухай гарч эхэлсэн болон ам.долларын ханш суларч эхэлсэн зэрэг нь ханш буурахад нөлөөлсөн бол одоо эргэн сэргэж байгаа гэдгийг “Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батхүү онцолжээ. Тус компаниас гадна БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин Шин” компани 2018 онд 30 гаруй мянган тонн цайр экспортолсон байна.

Лондоны Металлын биржид 2018 онд 26 хувиар буурсан цайрын ханш 2019 он гарснаас хойш эргэн сэргэж байна. 2019 онд ханш чангарч, нэг тонн цайрын ханш 3050 ам.доллар, 2020 онд 3075 ам.доллар болох төлөвтэй гэж “Fitch Solutions” таамагласан байна. Учир нь БНХАУ-ын Засгийн газар дэд бүтцийн төслүүдээ дэмжиж эхэлсэн нь суурь металлуудын эрэлт нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих