Хүүхдийн угаалга нэр хайрлах ёсон

Монголчууд айл гэрт үр хүүхэд төрөхийг онцгой тэмдэглэлт үйл явдал болгон ёсолдог бөгөөд хүүхдийн насны унасан газрынх нь шимт усаар угаан, дуудуулах нэрийг нь өгөх ёслолыг “Хүүхдийн угаалга” гэж нэрлэдэг. Энэ ёслолыг үйлдэхдээ төрснөөс хойш  3-7 хоноод тэмдэглэдэг ба голдуу өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин “Авсан ээж”-ийг хүндэтгэн урьж, хамгийн хүндэт зочин болгон гэрийн хойморт тусгай суудал засч өгөх бөгөөд төрсөн эхийн өмнө хонины ууцыг нь тавьж хүндэтгэдэг .  Учир нь эх барьж авсан ээжийг төрсөн эхийн хар цусыг базсан, хүүхдийн эх барьж авсан ээж гэж гурав хоног хүндэтгэн байлгаж байгаад хадаг, сүү, бэлэг сэлтийг халзан цагаан хоньтой барьж гэрт нь хүргэж өгдөг.  Хүүхэд угаах ёслол үйлдэхэд  “Авсан ээж” аагтай хар цай юм уу, найранд хэрэглэх махны шөлөнд давс, арц, үр будаа хийж угаадаг. Ингэж угаахын учир нь давсаар цэвэрлэж, арцаар ариутгаж, үр будаа шиг үржихийн билэг тэмдэг гэж үздэг.

Хүүхдийн угаалгын ерөөлд:

“Ачит аав ээж хоёрынхоо хайрласан

Алаг хонгор балчир биеийг

Амархан торниулж, түргэн бойжуулахын төлөө

Аагтай сайхан шимийн цай, атар тарган хонины шөл,

Ариун сэрүүн булгийн усаар ариутган угаалгаж,

Арчиж цэвэрлүүлж байгаа юм байна…”  гэж ерөөдөг.

Хүүхэд угаах ёслолын зоогонд ууц байхаас гадна хонины баруун гуяны шаант чөмөг, дөрвөн өндөр заавал чанадаг бөгөөд шаантыг идэлгүй “Хүүхдийн хувь” хэмээн үлдээж, сүүлд ээж нь идэж, шагайг нь салгалгүй хадгалдаг байна. Мөн бас “Хурим” нэртэй агшаасан будаа, өрөм, аарц хольсон цагаан идээг тусгайлан бэлтгэж, ирсэн гийчдэд заавал амсуулдаг ёстой байжээ.Харин өөр бусдаар идээ ундааг аливаа хорио цээргүй бэлтгэн зочид гийчдээ дайлах ба нар шингэхээс өмнө найрыг дуусгадаг заншилтай. Энэхүү зан заншил нь монголын олон ястан угсаатанд нийтлэг байх боловч зарим зан үйл нь өөр өөр байх тохиолдол ч байна. Тухайлбал: Мянгадад хүүхдийн хүйг заавал цөглөсөны дараа угаах бөгөөд даллага хураах ёслол хийж хонины махны баруун хаа, нэг шагайт чөмөг, 2-4 ширхэг өндөр хавирга сүүл цагаан мах чанана. Мөн шөлний хонины арьсыг тулганы зүүн хэсэгт дэвсэн эх хүү хоёр галд шар тос, арц өргөж гал голомтодоо есөн удаа мөргөдөг байна. Харин өөлдөд хүүхдийн угаалгыг “хүүгийн хурим” гэж нэрлэдэг, дөрөвөдөд хүүхдийн угаалганд ууц тавьдаггүй, хүйс эх буюу авсан эхэд нь зориулж өвчүү тавьж бэлэг сэлт өгдөг байна. Мөн хүүхдэд бэлэг болгон мал мах өгдөггүй, зөвхөн өлгийд нь мөнгө, төгрөг, тоглоом хавчуулдаг байна. Мөн хүүхдийн угаалганд их дуу чимээ гаргах, чанга ярьж инээх, дуу дуулах, архи сархад хэрэглэх зэргийг хорино. Цайллага нь их даруухан тайван болдог.  Хүүхэд угаах ёслолыг  ихэнхи нутагт нэр хайрлах ёстой хамт тэмдэглэдэг байна. Энэ ёс нь өнөө үед ч уламжлагдан ирсээр байна.

Ингээд  авсан ээж  хүүхдийг өлгийдөн,  нэр хайрлах хүнд өгнө. Энэ үед  урьдаас бэлдсэн хэд хэдэн нэр бичсэн цаасыг ваартай буюу аягатай будаанд хийж шигшин, ил гарсан нэрийг өгдөг. Хүүхдийн нэрийг  хэрэв хөвгүүн байвал баруун чихэнд нь, охин бол зүүн чихэнд нь гурвантаа шивнэн хэлээд  дараа нь  тийм нэртэй боллоо гэж нийтэд зарладаг ажээ. Ийнхүү  баруун зүүн чихэнд  шивнэн хэлдгийн учир нь монголчуудын эртний заншил ёсны дагуу баруун талыг эрэгтэй хүнд, зүүнийг эмэгтэй хүнд хамааруулдаг уламжлалтай холбоотой юм.  Түүнчлэн хүүхдэд  өгөх нэрийг бичсэн цаасыг ваар буюу аягатай будаан дотор хийдэг Нэрийг төрсөн жил, сар, од, гаригаар нь, сайн ерөөлийг билэгдэн, зүс царай, төрх байдлаар нь, дом шившлэгийн утгаар нь гэх мэт нэр хайрлах ёс олон бий. Үүний учир нь: Нэгд: Хүний нэрийг сонсоод төрсөн, жил, сар, өдөр, од зэргийг мэдэж болно. Хоёрт: Өвчин эмгэг тусах үед анагаах аргыг тодорхойлох нууц увдис болгон ашигладаг байсан байна. Мөн айлын хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэрэг билэгдлийн хувийг харгалзаж нэр өгдөг байжээ.Тиймээс хүүхэддээ нэр өгөхдөө гоё сайхан, үзэсгэлэн төгс, ид хүчин, яруу дуулдах зэргийг билэгдэхээс гадна дээрх уламжлалт ёсоо дагавал зохистой мэт санагдана. Хүний нэр гэдэг тухайн үндэстний түүх, соёлын үнэт гэрч юм. Хүний нэрийн судлалыг Ономастик гэдэг.

Нэр бол тухайн эзнээ төлөөлж нийгмийн олон талт харилцаанд орж байдаг төдийгүй тухайн эзнийхээ зам мөр, нэр хүнд, хувь заяатай салшгүй холбоотой билээ. Тийм ч учраас аливаа улс орон, хот байгууламж, шинээр бий болсон бүх л зүйлд нэр өгөхдөө уялдаа холбоо бүхий, зан заншил, газар нутаг, өөдлөн дэвжихийг бэлэгдсэн нэр хайрладаг. Хүүхдэд нэр хайрлах байдлыг түүхэн үүднээс нь харвал эрт дунд үед голдуу тооны болон эр зориг, үзэсгэлэн төгөлдөрийг илэрхийлэх нэр өгч байсан бол шинэ үед үйл явдал, баяр наадам мөн алдар нэртэй хүмүүсийн нэр, гараг ертөнц, гадаад харилцаа, бурханы шашин дэлгэрч хөгжсөнтэй холбогдуулж гадаад нэр, бурхан шашны нэрсүүд түгээмэл өгөх болжээ. Тухайлбал : Тэмүүжин, Чингис, Банзрагч, Юра, Март гэх мэт. Мөн төрсөн нэрийг өхөөрдөх, авгайлан дуудах байдал монголчуудын дунд элбэг байв. Энэ нь монголчуудын нэр цээрлэх дом цээртэй холбоотой. Тухайлбал: Бумбаарай, Бондоохой, Бумбаахай, Улаакаа, Томоо, Жижгээ, Оогий, Аагий, Баагий гэх мэт нэрсүүдийг дурдаж болох юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих