Хүүхдийн Өлгий

Монголчууд “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж хүүхэд төрөхөөс  өмнө өлгий бэлддэггүй.  Энэ үг бол монголчуудын гүн утга  агуулан хэлдэг үгийн нэг бөгөөд шууд энгийн утгаар нь тайлбарлаж болохгүй. Төмөр өлгий гэж байгаа нь энгийн өлгий бус онцгой буюу амьдралд байдаггүй зүйлийг хэлж байна.

Ингэж үзвэл хүүхдийг төрөхөөс нь өмнө хэтэрхий ихийг бэлдэж хөл хөөр болох нь олны анхаарлыг татан улмаар хар, цагаан хэл амны түйтгэрт хорлогдох шалтгаан болох бөгөөд  энэ нь хүүхдийг төрөх явдалд саад болж болзошгүй тул  цээрлэдэг ёс байжээ. Ер нь монголчууд өлгий, манцуй гэж нэрлэдэг.

Өлгийг хонины нэхийгээр хийх ба дээд талын хуниасыг олон хүүхэдтэй, настай эмгэнээр хуниулдаг байжээ. Хуниас дээр хонх, зоос, хөө хуяг, тээг, үнэгний хамар, элдэв хүрэл эдлэл, явуу, чонын шагай, мөнгө зэсээр хийсэн жижиг нум сум, улаан харгана, үенгийн арьс, загасны нуруу зэргийг зүйж хаддаг.

Энэ нь нялх хүүхдэд элдэв ад зэтгэр халдаж чадахгүй байхыг билэгджээ.Мөн бөс даавуун өлгийг ч хэрэглэж байсан нь одоо уламжлагдан үлджээ.Урьд бөс даавуун өлгийг хийхдээ даалимбаны завсар ботгоны унгас зулж тавиад хавдаг байжээ.

Өлгийг хүн төрөлхтөн эртнээс хэрэглэж иржээ. Тухайлбал Ромчууд хүүхдээ өлгийдөн 7 хүртэл туузаар бүсэлж боодог. Европод хүүхдийг цээжнээс нь хөл рүү, харин туркэд хөлнөөс цээж рүү нь өлгийддөг байв. Италид хүүхдийг босоогоор нь томоохон цайны уур маягийн модон ховилд хийж дэгээ модноос өлгөж саатуулдаг байжээ. Германчууд хүүхдийг нилээд чанга өлгийддөг бөгөөд хүүхдээ дааруулахгүй, мөн эрхтэн тэгш болно гэж үздэг. Харин Японд өлгийг тэр бүр хэрэглэдэггүй, Хятдад европ маягаар өлгийддөг байна. Өмнөд Америкийн Индианчууд хүүхдийг тусгай зөөлөн дэвсгэртэй хавгай модон дээр тавиад хамтад нь өлгийддөг байжээ. Энэ нь боржигон монголчуудын өлгий, өөжингийн хослосон хэлбэртэй адилхан юм.   Өлгий бол монгол ххүүхдийн амьдралд зохицсон, аюулгүй эрүүл чийрэг өсөхөд нөлөөлдөг найдвартай хамгаалалт юм. Монголчууд эрт үед хүүхдээ нэхий өлгийд өлгийддөг байв. Өлгий хийх нэхийгээ тэр бүр хамаагүй хонины нэхийгээр хийдэггүй. Тухайлбал айлаас худалдаж авсан юмуу хүний өгсөн нэхийгээр хийдэггүй. Өөрийн малын нэхийнүүдээс аль нарийн зөөлөн ноостой, хялгас багатай, залуу хонины ноостой нэхийг шилж өлгий хийнэ. “ монголын нууц товчоонд “ Зарчудай өвгөн Ононын Дэлүүн болдог бүхийд, Тэмүүжинийг төрөхөд боолгон нэлхий өглөө би” гэсэн тэмдэглэл байдаг. Энэ нь манцуй буюу нэхийг хэлж байна гэж эрдэмтэд тайлбарласан байдаг. Хөх нуурын Хошуудууд малын арьсыг шавьж идээлэхэд үс ноосыг нь зулмалж халзалаад, торго шиг болтол нь элдэж зөөллөөд өлгийгөө “ илхий” гэж нэрлэдэг байжээ.

Өлгийнд гурван бүс хэрэглэдэг нь жаргал зовлон жаргал гэсэн билэгдлийг агуулсан байдаг. Мөн өнгөрсөн одоо ирээдүй цаг, өвөг дээдэс, аав ээж, ба өөрөө гэсэн удам угсааны тухай ойлголтыг бэлэгддэг.Өлгийний бүсийг баруун талд нь хэт сулгүй, хэт чанга бус тооно тушиж уядаг байжээ.Хүүхдийг өлгийнөөс тайлж авахдаа давсгийг нь хөнгөн илж, өлгийдөхдөө давсаг дээр нь давсган даруулга гэж “хар, хөх” даавуунд хонины сүүлний тос түрхээд биендээ халааж, давсаг дээр нь тавина.Ингэвэл хүүхдийн давсаг нь чанга болж хожим цаг бусаар шээхгүй болно.Гэдэс нь дүүрэхэд сүүлний тос нар зөв эргүүлж түрхэх, хүүхдэд чанасан сүүл хөхүүлэх явдал нийтлэг байжээ.Хүүхдийг өлгийнөөс тайлж авсны дараа өлгийг хоосон тавьж болохгүй гэж сүх, алх, шанага зэргийг дотор нь тавьдаг.Учир нь өлгийнд хүүхдийн ад орж унтахаас сэргийлдэг байжээ.

Монголчууд анхны хүүхдийнхээ хэрэглэсэн өлгийг дараачийн дүү нарт нь хэрэглүүлэхээс бус хүүхэд бүрт шинээр өлгий хийдэггүй байв. Гэвч өвчин эмгэг олсон буюу нас барсан хүүхдийн өлгийг хэрэглэдэггүй, тийм өлгийг шатааж үгүй хийх эсвэл хайчилж бээлий дэгтий хийх, дээлний нөхөөсөнд оруулах зэргээр хэрэглэдэг байв. Өлгийн дотор талд живх хийхгүй бол нэхий норохоороо хатах нь удаан тул эрэгтэй хүүхдийн живхийг дөрвөлжин, эмэгтэй хүүхдийнхийг гурвалжин хэлбэрээр хийж дэвсэнэ. Хүүхдийн шээсийг шингээх зориулалтаар цагаан бөс даавуунд хөх аргалын үнс, хөвд хаг, бүлээтгэсэн элс зэргийг хийдэг байв. Харин баруун цастын халхчууд өргөнөөрөө нэг төө, уртаараа хоёр төө орчим даавуу уут оёж, дотор нь адууны хуурай хомоолыг хийх буюу өөрийн аргалын үнсийг хийж хавтгаалан дэвсдэг. Үүнийгээ жилэвч гэнэ Жилэвч дээр нь адууны дэлийг сэмлэж давхарлан тавьдаг.

Энэ нь элдэв нян, шимэгч хорхой үүсэхгүй гэж үздэг байжээ. Мөн хүүхдийн хөлд хурга, ишигний арьс тавьж өлгийддөг. Энэ нь хүүхдийг дороосоо жиндэж дааруулахгүй гэж хамгаалсан зүйл билээ. Хүүхдээ өлгийдөж унтуулахдаа толгойг нь заавал хойд буюу умар зүг рүү харуулж хэвтүүлнэ. Учир нь дэлхийн соронзон орны өргөрөгийн урсгал дагуу хэвтүүлж унтуулснаар хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байдаг гэдгийг эрт үеэс мэддэг байсантай холбоотой юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих