tow-tsewerleh-baiguulamj

Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болов

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын ЭКСИМ банкны Хөнгөлөлттэй зээлийн газрын менежер Шю Жы, Та На болон “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Төмөр замын 4 дүгээр товчоо ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ван Хайтао нарыг хүлээн ЭСЯ-нд авч уулзав.

2019 онд БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 918 сая ам.долларын 27 төсөл хэрэгжсэн нь дипломат харилцаа тогтоосноос хойшхи 70 жилийн хугацаанд хамгийн олон төсөл хэрэгжсэн жил байсныг Элчин сайд Д.Ганхуяг онцлов. Энэ онд хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлээр 22 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор авсан арга хэмжээний улмаас барилгын бүтээн байгуулалт ажил эхлээгүй байгаа боловч хоёр орны хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хариуцаж буй байгууллагууд холбогдох гэрээ хэлцэлийг хийж, бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Хятадын ЭКСИМ банкны ажилтнууд танилцуулав.

Уулзалтын үеэр хятадын тал 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсныг мэдэгдэж, төслийн санхүүжилтийн баталгааны бичгийг монголын талд гардуулж өгөв. Мөн Төмөр замын 4 дүгээр товчоо ХХК-ийн Монгол дахь салбарын захирал Ван Хайтао уг төслийн Арилжааны нэмэлт гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн гэрээ, хэлэлцээрийн асуудал бүрэн шийдэгдэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болж байна.

Элчин сайд Д.Ганхуяг хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг урагшлуулж, холбогдох гэрээ хэлцэл, санхүүжилтийг тасралтгүй хийж ирсэн ЭКСИМ банкны хамт олонд талархал илэрхийлэв. “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төсөл нь Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч буй төсөл бөгөөд уг төсөлд монголын талын олон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжийг оролцуулахад анхаарахыг хүсэлт болгов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих