Хөх амлуулахуй

Монгол хүн бүр төрсөн цагаасаа эхийнхээ сүүг амлаж өсдөг.Тиймээс монголчуудын дунд “ Эхийн сүү төрөх цагт, эцгийн элбэрэл өсөх цагт” гэдэг үг гарсан болов уу.  Монголчууд эхийн сүүгээр өсөж бойжсон хүүхэд өвчин эсэргүүцэх чадвартай хоол боловсруулах эд эрхтэнд тогтсон хорт бодисыг гадагшлуулах, бие махбодид шаардлагатай амин дэм, эрдэсүүдээр хангаж өгдөг ба ясны найрлага бүтцэнд сайтар нөлөөлдөг гэдгийг эртнээс мэддэг байжээ.

Тиймээс зарим өндөр настныг “яс сайтай” гэж хэлэлцдэгийн учир үүнд оршино. Монгол эх хүн хүүхдээ 0-5 нас хүртэл хөхүүлэх байдал элбэг байсан. Дэлхийн нийтээр эхийн сүүгээр хөхүүлэхийг дэмждэг ба судалгаанаас үзэхэд хүүхдийг дундажаар 3-5 нас хүртэл нь хөхүүлж байсан юм. Хүүхдийг хөхөөр хооллох талаар  НҮБ-аас өрнүүлж байгаа бодлогыг Дэлхийн улс орнууд хэрэгжүүлж олон оронд “Хүүхдэд Ээлтэй Эмнэлэг”-үүд бий болсноор, бага насны хүүхдийн өвчлөл эндэгдэл буурах, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргахад хувь нэмрээ оруулсаар байна.

Хөхүүл эхийн хөхний сүүний гарцад эхийн хоол тэжээл, сэтгэл санааны тавгүй байдал, хүүхдээ хөхүүлэх арга барил, хөхүүлэх давтамж зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Хөхний сүүний гарц хоол тэжээлээс хамааралтай эсэх нь маргаантай шийдэгдээгүй байгаа асуудлын нэг юм. Харин хөхүүл эхийн хооллолтын байдлаас хөхний сүүний гарц тодорхой хэмжээгээр хамаардаг болохыг олон оронд (Бирм, Гватемал, Индонез) зэрэг улсад тогтоосон байдаг бөгөөд жирэмсэн ба хөхүүл үед хоол тэжээлээр авах шимт бодис, аминдэм, эрдэс бодисын болон нэмэлт илчлэгийн хэрэгцээ зэргийг тухайн орны хүн амын онцлогт тохируулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулжээ.

Манай улсад Ц.Намсрай (1996), Ж.Жадамба (1991), Б.Сүхбаатар (1992), зэрэг эрдэмтэд Монгол эхийн хөхний сүүний найрлагыг олон талаас нь судалсан байна. Эхийн сүүнд хүний биед нэн чухал хэрэгцээтэй 100 орчим хүнс биологийн идэвхит бодис агуулагддаг. Эх хоногт дундажаар 1,5 литр сүү ялгаруулдаг. Хүүхэд нэг удаа хөхөнд ялгарч буй сүүний 76 хувийг хөхдөг ажээ. Эхийн сүүний ердийн уургийн хэмжээ сар улирлаас хамаарч өөрчлөгдөж байдаг. 6,7,8 сард харьцангуй их байдаг бол 4,5,6 саруудад харьцангуй бага байна. Тиймээс хөхүүл эхийг хаврын улиралд биологийн идэвхит бодисоор, баялаг хоолоор хангах шаардлагатай. Эхийн уургийн хэмжээ эмэгтэйн нас, төрөлтийн тоо, төрсний дараах үеэс хамааран хэлбэлздэг. 18-20 насныханд сүүний уургын хэмжээ харьцангуй их, нас ахих тусам мэдэгдэхүйц багасдаг. Төрсний эхний 7 хоногт уургийн хэмжээ их, төрсний дараах эхний 10 хоногт эхийн сүү “дархлаажуулах” үүргээ гүйцэтгэж эхлэнэ. Орчин үеийн эхчүүд “хөхөнд сүү орохгүй байна”, “ хөхний сүү багатай” гэж сэтгэл зовинодог. Гэвч хөх гэдэг эрхтэн сэтгэлийн эрхтэн байдаг. Төрүүлсэн үрээ чин сэтгэлээсээ хайрлан энхрийлж хөхүүлбэл хөхөнд сүү сайн ордог. Эмэгтэйчүүдийн 97 хувь нь хүүхдээ хөхөөрөө хооллох боломжтой ба ердөө 2 хувь нь сүү багатай байдаг гэсэн статистик тоо гарчээ. Тэр ч бүү хэл хүүхэд төрүүлээгүй эмэгтэйн хөхөнд сүү орсон тохиолдол ч байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих