“Монголын алт корпораци” БНХАУ-ын “Жиансу Хенгюан Интернэншл Инженеринг” компанитай Цагаан суваргын зэс-молибдений үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн барилга, угсралтын ажлыг явуулах гүйцэтгэлийн ерөнхий гэрээ байгууллаа.
Гэрээг Бээжин хотод болсон “Бүс ба Зам” дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан юм. Гэрээ байгуулснаар 2021 он гэхэд Цагаан суваргын зэс-молибдений үйлдвэрийн барилгын угсралтыг хийж, ашиглалтад оруулна гэж тооцоолж байгааг МАК-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Цогт мэдэгдлээ.
Цагаан суваргын төслийн тухайд нийт шаардагдах санхүүжилт нэг тэрбум 89 сая ам.доллар бөгөөд үүнээс тоног, төхөөрөмжийн үйлдвэр, дэд бүтэц, газар шорооны ажил зэрэгт нийт 400-аад сая ам.долларыг зарцуулаад байгаа аж.
Үүний зэрэгцээ МАК ХХК 2019 он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар нэг сая гаруй тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны эхний хагас жилд дөрвөн сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад энэ онд экспорт саарч байна гэдгийг МАК-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч онцоллоо.