darhan-zaluus

“Дарханы залуус-хүчээ нэгтгэе” зөвлөгөөнд 1500 залуу нэгдсэн байна

“ДАРХАНЫ ЗАЛУУС-ХҮЧЭЭ НЭГТГЭЕ 1500” бүтээлчээр манлайлцгаая сургалт, зөвлөгөөн 9 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Тус зөвлөгөөнийг аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх НАМЗХ-оос зохион байгуулж, 1500 гаруй залуусыг нэгтгэжээ.

Энэ өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, аймаг орон нутаг болоод улсын хэмжээнд залууст чиглэсэн бодлого шийдвэрүүдийн талаар илтгэл тавилаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал зөвлөгөөнд оролцож, Залуучуудын хөгжлийн тухай хуулийн үзэл санааг танилцуулсан юм.

Энэхүү сургалт зөвлөгөөний үеэр салбар салбарын шилдэг лекторууд залуучуудын сонирхлыг татсан илтгэлүүдийг тавьсан юм. Тодруулбал, Юнайтед менежмент консалтингийн зөвлөх, I CAREER.MN цахим хуудсыг хамтран үүсгэн байгуулагч Д.Асралт “Энтерпренёрүүдийн амжилтын 10 нууц” сэдвээр, “Greative business group”-н захирал Н.Энхбаатар “Эерэг хандлага, бүтээлч ажилтан” сэдвээр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тулгаа “Соёлын их түрэлтэнд уусах уу? Үлдэх үү?” сэдвээр “CDC консалтинг”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат “Та багт байна уу? Сүрэгт байна уу?” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

“ДАРХАНЫ ЗАЛУУС-ХҮЧЭЭ НЭГТГЭЕ 1500” бүтээлчээр манлайлцгаая сургалт, зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Манай аймгийн нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Сургалт, зөвлөгөөнийг угтан дээрх залуусын төлөөлөл болсон 3000 залуусын санал асуулгаар хамгийн чухал гэж эрэмбэлэгдсэн шинэ санаа, шинэ санаачилгыг орон нутгийн удирдлагуудын зүгээс дэмжин, залуучуудынхаа хүч бололцоонд тулгуурлан хамтран ажиллахад бэлэн байгаа мөн дуулгав.

Ийнхүү энэ өдөр 1500 залуусыг нэгтгэн, сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ тэдний санал бодлыг сонсон зөвлөлдсөн үр дүнтэйгээр “ДАРХАНЫ ЗАЛУУС-ХҮЧЭЭ НЭГТГЭЕ 1500” бүтээлчээр манлайлцгаая сургалт, зөвлөгөөн амжилттайгаар өндөрлөлөө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих