tsetserlegjuulelt

Мод тарьвал НҮБ 10 мянган доллар өгнө

Дэлхийн улс орнуудын ойн сан хомсдон, доройтож буй нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдгийг олон улсын хамтын нийгэмлэгүүд анхааралдаа авч, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцыг 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хөгжиж буй улс орнуудыг дэмжих зорилгоор UN-REDD хөтөлбөр 2008 онд баталж, Монгол Улс түүнд 2011 онд нэгдсэн билээ. Манай улсад хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн нэгдүгээр шат дуусаж, ойн сангийн нэгдсэн мэдээлэлтэй болоод зогсохгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудаа тодорхойлжээ.

Тодруулбал, манай орон 14.4 сая ойтойгоос 1.4 сая нь доройтож, ойн сангаас 52 660 га талбай бүрмөсөн устсаныг БОАЖЯ-ныхан, Монгол дахь UN-REDD хөтөлбөрийн судалгааны багийнхантай хамтран тогтоосон байна. Ой хомсодсон шалтгааныг хүний буруутай үйл ажиллагаа, хулгайгаар мод бэлтгэсэн, түймэр, хортон шавжаас хамгаалах арга хэмжээ авдаггүйтэй холбоотой гэж тус хөтөлбөрийн Ойн бодлогын ахлах зөвлөх, доктор Ц.Банзрагч хэллээ.

Ой хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын эхэнд хортон шавж устгахдаа биохимийн арга хэрэглэх, зурвас татах, бүх нийтийг мод тарих үйлсэд уриалах багтсан байна. Доройтсон талбайд мод тарьж, дээрх хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж, амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд НҮБ-аас манай улсад жил бүр 10 сая ам.доллар урамшуулал хэлбэрээр олгоно гэж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл онцлов.

Ташрамд дурдахад, иргэд урд хөршөөс мод оруулж ирэх нь доройтсон талбайг сэргээх бус, улам дордуулдгийг мэргэжилтнүүд онцлов. Учир нь өөр орны бүс нутагт тарьсан мод манай орны уур амьсгалд харшилдаг аж. Тиймээс Монголдоо тарьж ургуулсан үрсэлгээг худалдан авч, өөрсдөө тарих нь зөв гэдгийг албаныхан өгүүллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих