Монгол Улс өнөөдрөөс буюу 2019 оны гуравдугаар сарын 1-ны өдрөөс нийлэг уутны хэрэглээг хязгаарлахаар зохицуулалт хийсэн.
Дэлхийн 60 гаруй улс орон хэдийнэ гялгар уутаас татгалзаад байна. 1995 онд Дани улс нийлэг уутны хэрэглээнд татвар ногдуулснаар нэг жилийн дотор 800 сая ширхэг хэрэглээтэй байсан уутны хэрэглээг 50 хувь бууруулж чаджээ.
Ирланд улс 2002 оноос эхлэн нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд иргэдээсээ татвар авч эхэлсэн байна. Үүний үр дүнд ашиглалт 90 хувь буурсан дүн гарчээ.
Харин Монголд нийлэг уутны хэрэглээ хэтийдэж, хүн бүрийн эрүүл мэндэд хорт нөлөө үзүүлж буйг ярьсаар ирсэн боловч одоо л шийдвэр бодит болж, хөрсөн дээр буух нь.
Засгийн газраас өнгөрөгч оны зургаадугаар сард нийлэг уутыг хэрэглэхийг хориглох 189-р тогтоол гарсан. Энэ тогтоолыг зөрчсөн иргэнийг 30.000-50.000 төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 150.000-200.000 төгрөгөөр торгоно. Мөн хууль бусаар импортолсон тохиолдолд иргэнийг 100.000-150.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250.000-350.000 төгрөгөөр торгохыг заажээ.