ulaangom

Сурагчдыг үнэ төлбөргүй тээвэрлэжээ

“Хотын утаа”гэж өвөлдөө санааширч,  зундаа мартсаар,  хэрэгжүүлж буй төслүүдийг  хангалттай сонсдог ч харагдсан тодорхой үр дүнгүй утаа улам өтгөрсөөр улсын маань нийслэл дөрвөн уулынхаа дунд харагдахаа больсон жишиг тогтоод удлаа.

Улаанбаатар хотынхоо утааг угаартаж сурсан “дошныхон” бид бараг анзаарахгүй шахам болсныг гадна дотно, орон нутгаас ирсэн иргэд толгой сэгсрэн гайхдаг.  Их мөнгө, том хөтөлбөр зөгнөдөг ч биеллээ олдоггүй утааны асуудал сүүлдээ Их хурлын танхимд “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хотын угаараас дайжуулах” тухай яриа хүртэл болоод өнгөрсөн.

Тэгвэл  бодит байдлын нэгэн адилаар  Увс аймаг болон  Улаанбаатар хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компаний хамт олон өөрсдийн  боломжоор утааны эсрэг “Цэвэр агаар-эрүүл мэнд” аян хэрэгжүүлжээ.

Ингэхдээ тэд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг Увс аймгийн гаралтай 45 хүүхдийг аав, ээж, асран хамгаалагчдынх нь хамтаар үнэ төлбөргүйгээр Улаанбаатар хотоос тээвэрлэн  Улаангом хотод хүргэсэн байна.

ulaangom

Сурагчдын урт хугацааны амралтын хүрээнд аяныг зохион байгуулан хотын утаанаас холдуулжээ

Энэ талаар “Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн захирал Б.Сэнгэсамбуугаас тодруулахад: “Би он гарахаас өмнөхөн Улаанбаатар хот руу ажлаар явсан юм. Тэгэхдээ Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ээжийндээ очиж хэд хонохдоо хотын утааны хор уршгийг өөрийн биеэрээ мэдэрсэн.

Хэдхэн л хоноход хамар битүүрч, хоолой хорсож зугтах нь холгүй нутагтаа ирсэн. Энэ үеэр насанд хүрсэн би ингэж байгаа юм чинь бяцхан үрс маань яах болоо гэж бодсонИнгээд гэр бүл, хамт олонтойгоо зөвшилцөж “Цэвэр агаар-эрүүл мэнд” аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.

 Тэгэхдээ хамгийн их бохирдолтой цэг болох Сонгинохайрхан дүүргийн 3, 5, 11, 28-р хорооны хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь хамт хот хооронд үнэгүй тээвэрлэхээр болсон. Эдгээр хүүхдүүдийг эсэн мэнд тээвэрлэн ирж асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөндөө баяртай байна. Хичээл ном нь эхлэхээс өмнө эднийг буцаад Улаанбаатар хот руу үнэгүй тээвэрлэнэ”  гэлээ.

ulaangom

Хүүхдүүдийг тээвэрлэсэн автобус  Улаангом хотод очиход тус компанийн хамт олон болон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан угтан авч, гарын бэлэг өгчээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан хотын утаанаас ийнхүү хүүхэд багачуудыг түр хугацаагаар ч болов холдуулан өөрсдийнхөө боломжоор аяныг зохион байгуулсан нь олны талархлыг хүлээжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих